ӨТСХ Дэлхийн сонины холбооны гишүүн боллоо

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонины холбооны /WAN-IFRA/ гишүүнээр албан ёсоор батламжлагдлаа.

Дэлхийн сонины холбоо нь 1948 онд байгуулагдсанаасаа хойш 120 гаруй орны 18000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн байгууллага юм. Мөн хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийдэг гол субьект билээ. Тиймээс Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо тус байгууллагын албан ёсны гишүүн болсноор 70 жилийн мэдээллийн санг өмнөө нээж байгаа юм.

Өнөөдрийн үйл явдал нь Монголд тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны 100 гаруй жилийн түүхэнд тохиолдсон томоохон үйл явдал болж байна. Дэлхийн сонины холбоонд Монголын өдөр тутмын сонинуудын холбоо элссэн нь нэг талаас манай улсын хэвлэл мэдээллийн салбар олон улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэлээ. Нөгөө талаас олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөх, үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн шинэ шатанд дэвших боломжийг нээж байгаа юм.