Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Өдөр тутмын сонинууд бол үндэсний дархлааг бэхжүүлэгч, нийгмийн хамгийн гол медиа

 

Өдөр тутмын сонины анхдугаар форумд олонд нэр хүндтэй зочид, өдөр тутмын сонины удирдлагууд, сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн байна. Юуны өмнө анхдугаар форумыг зохион байгуулахад дэмжиж ажилласан өдөр тутмын бүх сонин, салбарынхандаа талархал илэрхийлье.

Энэ форумд ирэхдээ цөөнгүй хүн, сонины салбарынхан ч өөрсдөө өдөр тутмын сонинуудын өнөөгийн байдалд сэтгэл дундуур байж магадгүй. Энэ нь нэг талаар бодитой. Цахим орчин, технологи хурдтай хөгжиж буй сүүлийн жилүүдэд хамгийн болхи бөгөөд удаан нь сонины салбар байлаа. Бүх л цаг үед нийгмээ манлайлж, тэргүүлэгч байсаар ирсэн салбарын хувьд энэ нь хүнд цохилт болсон. Гэхдээ хэдэн удаа унасандаа биш харин унах болгондоо босдог байх нь чухал гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг.

Тиймээс бид өнөөдөр зөвхөн сонины салбарын өнөөгийн байдал биш ирээдүйн талаар ярилцаж, санал бодлоо солилцох гэж цуглаад байна. Энэ форумын хамгийн гол өгөөж нь бид нэг чиглэл, нэг зорилготой болох юм.

Өдөр тутмын сонины эрин үе дууссан юм биш үү гэж олон хүн асуудаг, ярьдаг. “Сонины захиалга муудлаа. Дандаа өндөр настнууд сонин уншдаг болж дээ. Би бараг бүх мэдээллээ фэйсбүүкээс авдаг” гэх нь бий. Зарим хүнд ингэж санагддаг байх. Гэвч бодит байдал үүнээс огт өөр гэдгийг онцолмоор байна.

Энгийн жишээнээс эхлээд ээдрээтэй түвэгтэй хүртэл нь авч үзье.

Өдөр тутмын сониныхон уншигч бол хогийн сав биш гэдгийг мэддэг. Сонинд багтаагүй мэдээлэл бол чухал байгаагүй нь ойлгомжтой. Цаг хугацаа улам хязгаарлагдмал, мэдээллийн урсгал хурдтай нэмэгдэж байгаа энэ үед сайтар шигшиж сонгосон мэдээлэл хамгийн үнэ цэнэтэй хэвээр байна.

Уншигчдын 90 хувь нь мэдээллийг өөрийн итгэдэг эх сурвалжаас шууд авахыг хүсдэг. Фэйсбүүк, цахим орчны хуурамч мэдээ, учир дутагдалтай шуурхай мэдээ, бүрэн бус мэдээллээр дүүрсэн энэ үед уншигчдын сонинд итгэх итгэл эргээд нэмэгдэж байна. Учир нь долоо хэмжиж нэг огтол гэдэг үг эдүгээ сонины редакцид л хэрэгжиж буй.

Сүүлийн үеийн нэг судалгааг та бүхэнтэй хуваалцья. Дэлхийн хүн амын тал хувь нь өдөр бүр сонин уншиж байна. Нэг өдөрт 2.5 тэрбум сонинг хэвлэмэл хэлбэрээр, 600 сая сонинг цахим хэлбэрээр уншдаг. Өдөрт нийт 3.1 тэрбум гэсэн тоо гарна. Энэ тоонд хүрсэн өсөлтийн муруй нь сүүлийн таван жилд нийт дүнгээр 20 гаруй хувиар өссөн. Энэ тоон мэдээллийг анх сонсоход итгэхэд хэцүү байж магадгүй. Учир нь энэ тоо бол сонин уншигчдын хэмжээ интернет хэрэглэгчдийн тоотой бараг энэ тэнцүү гэдгийг харуулж байна. Тэгвэл хаанаас энэ тоо гарсан юм бол. Энэ бол Олон улсын аудит баталгаажуулалтын товчооноос гаргасан хөндлөнгийн судалгааны дүн юм.

Сонины зах зээлийн гол өсөлт Ази тивд төвлөрч байгаа бол барууны орнуудад эсрэгээрээ уншигчдын тоо буурчээ. Гэхдээ энэ тоо бол салбарыг тодорхойлох гол хүчин зүйл биш. Том зургаар нь харвал, сүүлийн таван жилд сонины уншигч нэмэгдсэн бүсэд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орнууд багтаж байна.

Гэхдээ сонинуудын нийгэм дэх нөлөө бусдаас давуу байдаг. Нийгмийн бүтцийн салшгүй хэсэг гэдэг өнцгөөс нь харвал гайхахаар тоо биш. Харин Монгол Улсад сонинуудын нөхцөл байдал өөр гэж хэлэх хүн гарч магадгүй. Тэгвэл монголчууд ямар нэг зүйлээс хоцроод байна уу гэсэн асуултыг сөргүүлэн тавихад хүрч байна. Энд харилцан хамаарал буюу эдийн засагчдын хэлдгээр корреляци бол бий.

Сонин уншдаг хүмүүс илүү орлоготой байдаг. Монголд сонины салбарын гол сорилт нь уншигч олох асуудал биш юм. Уншигчид хангалттай бий. Харин гол сорилт нь бизнес. Тодруулбал, цахим эрин буюу дижитал орчинд тохирсон, тогтвортой, зөв бизнесийн моделийг олох шаардлага тулгарч буй. Сонинуудад сайн контент байгаа ч дижитал орчноос бага орлого олдог. Сонинууд энэ зах зээлээс гадагш урсаж буй орлогыг нөхөх дижитал шийдлийг олохдоо удаан байна.

Өнөөдөр өдөр тутмын сонинууд нийгмийн хамгийн хариуцлагатай бөгөөд хүнд хэсэгт ажиллаж байгаа нь үнэн. Монгол Улсад мэдээллийн урсгал хангалттай бий. Гэхдээ мэдээлэл бүрийн цаад учир шалтгааныг тайлж мэддэг болох процесс дутагдалтай байна. Саяхан болсон Балдоржийн шагналд нэр дэвшсэн олон сайн сэдвийг эргээд санацгаая. Бидэнд яагаад энэ сэдэв хамаатай вэ гэдгийг бид тэр бүр задалж харсангүй. Жишээлбэл, Монгол Улсад нүүрлээд буй хар тугалганы аюул, гэр ахуйн хэрэгслээс болж хүүхдийн амь нас эндэж байгаа хор уршгийг харьцуулж, ялгаж ойлгосон бил үү.

Ингээд харвал нийгмийн дундаж давхаргынхны энгийн мэдээллийг задлан ялгах, хооронд нь харьцуулах, цаад учир шалтгааныг нь олж харах чадвар буурчээ. Үүний гол шалтгаан нь уншихаа больсных. Уншихаа больсон үед хүн сэтгэхээ больдог гэдэг. Хэрэв Монголд өдөр тутмын сонинууд зогсож, дэлхийн сонгодог зохиол, номтой золгуулдаг “Нэпко” хэвлэлийн компанийн байхгүй байсан бол Монголын нийгэм хэрхэх байсан бэ.

Мэдээлэлтэйгээс мэдлэгтэй нийгэм рүү шилжих шаардлагын талаар ярих зайлшгүй хэрэгцээ бидэнд байна. Мэдээллийн платформ буюу мэдээллийн сувгийн тоо эрс өсөж, хурд нь нэмэгдсэнээс үүдэн бидний үндэсний чадавх бага багаар суларч буй. Энэ чадавх, дархлааг үгүй хийхгүй байх, хамгаалах үүргийг өдөр тутмын сонинууд үүрч байна.

Өдөр тутмын сонинд ажилладаг хүмүүст онцлог бий. Маш өндөр ачаалалтай ажилладаг. Ийм хэмжээний цалинтай ч төдий хэрийн ачааллыг дааж ажиллана гэдэг ажилдаа бүхнээ зориулдаг хүний итгэл үнэмшлийн асуудал. Мөн сониныхон бол маш өндөр сахилга баттай хүмүүс. Өглөө бүр сониноо та бүхэнд хугацаанд нь хүргэдэг тул сахилга баттай байхаас ч аргагүй. Эдийн засаг хүнд, нийгэм тогтворгүй байгаа энэ үед хэр баргийн хүн халширмаар ажлыг өдөр тутмын сониныхон хийдэг. Энэ гал тогооныхон бол итгэл үнэмшилдээ үнэнч хүмүүс. Тийм ч учраас болохгүйгээс эхлээд болох хүртэл нь бид сонины сэтгүүлчдээ дэмжих шаардлагатай байна. Энэ нийтлэл сайн болсон байна гэж үгээр магтаад өнгөрөх бус, хамгийн сайн чаддаг зүйлээ хамгийн сайн хийхэд нь дэмжлэг үзүүлэх цаг нь болсон. Санхүүгийн дэмжлэг ч үүнд багтана.

Өдөр тутмын сонинуудын холбоо үүнийг ухамсарлаж, сонины сэтгүүлчдээ дэмжихэд түлхүү анхаарна. Үүний эхлэл болгож, хамгийн чанартай, нийгмийн анхаарал татсан сэдэвтэй эрэн сурвалжлах бүтээлүүдийг урамшуулах ажлын эхлэл өнөөдөр тавигдаж байна.

Сонины салбарын өдөр тутмын бүтээгдэхүүн олон нийт төдийгүй шийдвэр гаргаж буй улстөрчдөд нөлөөлдөг. Өдөр тутмын сониныхон улстөрчдөөс ямагт нэг алхам урд явдаг онцлогтой. Өдөр тутмын сонины сэтгүүлчид улстөрчдийн олж хараагүй өнцгийг харж, очоогүй газрыг нугалж, шаардлагатай бол шүүмжилж, чиглүүлэхээс гадна зөв ажилд нь дэм өгч урамшуулж чаддаг. Өдөр тутам яригддаггүй ч шийдвэр гаргагчдад хамгийн хүртээмжтэй суваг болохоор зөвхөн мэдээлэлтэй бус мэдлэгтэй нийгэм, үндэсний чадавх, дархлааны асуудлыг хөндөх нь сонинуудын нэг үүрэг болсон гэж би боддог.

Тиймд өдөр тутмын сонинд ажилладаг сэтгүүлчээс эхлээд хүн бүхний итгэл үнэмшил хүч нь сулраад буй монголчуудын энэ дархлааг хамгаалахад чухал үүрэгтэй юм. Дархлаагаа хамгаалж чадах тэр л медиа Монголд хамгийн чухалд тооцогдох ёстой.

Монголын өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч
Э.Долгион