Монголын мэдээ сонин

Үндэсний өдөр тутмын "Монголын мэдээ" сонин нь хэвлэл мэдээллийн салбарт 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр анхны дугаар гарсан бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл юм.

Анх хэвлэгдсэнээс хойшхи 19 жилийн хугацаанд 4800 гаруй дугаар бэлтгэн уншигч, захиалагчиддаа өргөн барьжээ. "Монголын мэдээ" сонин өнгөрсөн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа өдөр тутмын хэвлэлүүдийн жинхэнэ дуу хоолой болж, шилдэг хэвлэлүүдийн нэг болж чадсан билээ. Манай хамт олон сониныхоо дэргэд www.dardas.mn сайтыг ил тод, эх сурвалжтай, бодит мэдээллээр уншигч түмнийг хангах үүрэгтэйгээр ажиллуулж эхлээд байна.

Манай сонин 1999 онд "Оны шилдэг чөлөөт хэвлэл", 2000 онд МХЭАХН-ийн "Ган үзэгтэн хэрэглэгчийн анд" шагнал, Монголын хүүхдийн төлөө үндэсний хорооны "Хүндэт өргөмжлөл", 2002 онд МЧСХ-ны "Шилдэг хэвлэл", МСНЭ-ийн "Хүндэт өргөмжлөл", "Хот тохижилт-2002" уралдааны тусгай өргөмжлөл, 2008 онд БОАЖЯ-ны "Хүндэт өргөмжлөл", 2009 онд БСШУЯ-ны "Боловсролыг дэмжигч байгууллага", 2012 онд НДЕГ-ын "Талархал" зэрэг шагналуудыг хүртэж байсан. 1999 онд Дэлхийн сонины холбоонд гишүүнээр элссэн. 2013 онд 15 жилийн ойгоо тэмдэглэхийн зэрэгцээ МСЭ-ээс олгодог "Монгол Улсын Шилдэг сонин", 2017 онд "Best of Mongolia" үндэсний хэмжээний санал асуулгаар "Монгол Улсын шилдэг сонин"-оор шалгарсан амжилттайгаар ажиллаж байна.

Сонин маань өдөр тутам хэвлэгдэн, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт оршин суугаа уншигч, захиалагчдад хүрдэг. Тус сонины гол материалууд мэдээллийн тэргүүлэгч сайт www.mminfo.mn-д тавигдаж, өдөрт 50-60 мянган хүнд хүрдэг болно. Үнийн тарифын хувьд бусад өдөр тутмын сонинуудаас харьцангуй уян хатан, хамтран ажиллагч байгууллагадаа харилцан ашигтай байдлаар зохицуулдаг. Мөн манай сонины "Дугаарын 60 мөр", "Би Монголоо хөгжүүлнэ", "Чухал хүн", "Харьцуулсан сурвалжлага" болон бусад булангууд маань аль хэдийнэ байнгын уншигчтай болсон.

Манай сонины боловсон хүчин залуужсаар байгаагийн дээр чадварлаг, туршлагатай ажилтнууд ч ажилладаг. Нийт 30 шахам ажилтантай, нийт ажиллагсдын 80 хувь нь 35 хүртэлх насны залуучууд бөгөөд 85 хувь нь мэргэжлийн сэтгүүлч юм. Мөн "Алтан гадас" одонт хоёр, МСХ-ны "Хэвлэлийн тэргүүний ажилтан" гурав, "Ган үзэгтэн" гурав, "Тэргүүний залуу" алтан медалийн эзэн гурав, "Болор үзэг" шагналын эзэн нэг зэрэг шилдэг, тэргүүний залуус ажилладаг. "Монголын мэдээ" сонин улиралд 64, жилд 256 дугаар бэлтгэн уншигчдын гарт хүргэдэг. Нийслэл, орон нутагт болон интернэт, фэйсбүүк, твиттер зэрэг цахим мэдээллийн ертөнцөөр тардаг билээ.