Өглөөний сонин

Үндэсний өдөр тутмын шилдгийн шилдэг "Өглөөний сонин" 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны дугаараа уншигч, захиалагчдынхаа гарт хүргэсэн түүхтэй.

Монголын хэвлэл мэдээлэл, өдөр тутмын сонины орон зайд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан зоригтой дайчин сурвалжилга, нийгэмд тулгамдсан олон асууд¬лыг шийдвэрлэх арга зам хайж, асуудал дэвшүүлсэн олон нийтлэл, урлаг, спортын давтагдашгүй торгон агшнуудыг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсээр ирснээрээ "Өглөөний сонин" ямагт шилдгийн шилдэг нь байсар ирсэн. Тиймдээ ч 2006, 2007, 2008, 2009, 2011 оны "ТОП-5" сонины нэг, 2010 оны "Өдөр тутмын шилдэг сонин", 2012 оны "Өдөр тутмын шилдгийн шилдэг сонин"-оор шалгарч байсан.

Өдөр тутмын сонинуудын дунд явуулсан олон судалгаагаар хамгийн уншууртай сониноор удаа дараа шалгарч, захиалагчдынхаа тоогоор ч ТОП сонины нэг байсаар ирсэн нь бидний цаг наргүй хөдөлмөрийг үнэлсэн уншигч олны маань хүндлэл, бидэнд итгэсэн их итгэл найдвар, дэмжлэгийн үр шим юм.

Өнгөрсөн хугацаанд өдөр тутмын сонинуудаа ямагт манлайлсаар ирсэн "Өглөөний сонин"-ы нийтлэлийн бодлого нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй давамгайлсан, уншигч олны сонирхлыг татахуйц баримт нотолгоо сайтай сурвалжилга, нийтлэл, егөө фельетон, цаг үеийн тулгамдсан асуудалд түлхүү анхаарсаар ирлээ.

"Өглөөний сонин"-г "Сонины холбоо"-ны хэмээн овоглоддог Р.Хадбаатар, Л.Нинжжамц нар үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр З.Боргилмаа ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байна. Өнөөдөр "Өглөөний сонин"-ы редакц нь Санхүү, Хүний нөөц, Маркетингийн хэлтэс, Улстөр мэдээллийн алба, Нийгэм, эдийн засаг, гадаад мэдээллийн алба, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба, Цахим сонин, эх бэлтгэл, дизайн зэрэг албадуудад 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагчтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн түүнчлэн 2011 оноос эхлэн мэдээ, мэдээллийн "ugluuniisonin.mn", "sharsonin.mn" 2013 оноос "morningnews.mn", сайтуудыг тус тус эрхлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, амжилттайгаар өргөжүүлэн, хөгжүүлсээр ирсэн билээ.