Үндэсний шуудан сонин

Монголын үндэсний өдөр тутмын "Үндэсний шуудан" сонин нь 2007 оноос хойш 10 жилийн турш тогтвортой хэвлэгдэн гарч, Монгол Улсын 21 аймаг, бүх сумд, гадаадын 10 гаруй оронд уншигч, захиалагчтай болж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны цар хүрээ, мэдээллийн бодит байдал, шуурхай байдал, сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүй, хариуцлага зэрэг үзүүлэлтээр өргөн олны хүндэтгэлийг хүлээсэн, үндэсний хэмжээний өдөр тутмын сонин болж төлөвшсөн билээ. Манай сонин Монголд хэвлэгдэн гарч буй өдөр тутмын 12 сонины дотор захиалга, борлуулалтаараа тогтмол эхний гурван байрт багтсаар ирсэн бөгөөд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн шалгаруулалтаар 2011, 2012, 2013, 2014 оны байдлаар шилдэг гурван сонины нэгээр тодорсон юм.

Ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт хэвлэлийн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчмыг сахин эрхэмлэж, нийт монгол үндэстний бахархал, эв нэгдлийг бэхжүүлж, бодит үнэн хийгээд мэдлэг шингээсэн мэдээлэл түгээхийг бид нийтлэлийн бодлогынхоо гол чиглэл болгож байгаа юм. Түүнчлэн хэвлэлийн хараат бус байдал, сэтгүүлчийн ёс зүйг сахих, хариуцлагатай, шударга байх чөлөөт хэвлэлийн үндсэн зарчмыг бид бүхэн цаашид ч өдөр тутмын үйл ажиллагааныхаа удирдлага болгох болно.

Манай сонины Тоймчдын албаны дарга Г.Отгонжаргал, Улс төрийн мэдээллийн албаны дарга Ж.Баярсайхан, Шуурхай мэдээлэл, эрэн сурвалжлах албаны дарга Б.Энхмарт, Нийгэм, соёл, танин мэдэхүйн албаны дарга О.Эрдэнэчимэг нар хэвлэл мэдээллийн салбарт танигдсан, нэр хүндтэй сэтгүүлчид бөгөөд нийтдээ мэргэжлийн 16 сэтгүүлч, график дизайнер, менежерүүдээс бүрдсэн баг ажиллаж байна. Бид улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм, байгаль экологи, урлаг соёл, спорт гээд бүхий л салбарын үйл явдал, асуудалд нийтлэлээ зориулж, өдөр тутмын, цаг үеийн, анхаарал татсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийнхээ зэрэгцээ "Эдийн засгийн шуудан", "Ногоон шуудан", "Эрүүл мэндийн шуудан", "Нийслэлийн шуудан", "Спортын шуудан", "Амралтын шуудан" зэрэг төрөлжүүлсэн хавсралт сонинуудыг долоо хоног бүр хүргэдэг билээ.