Өдрийн сонин

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлснээр бидний ажиллаж байсан төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонин 1998 оны арванхоёрдугаар сарын 31-нд татан буугдсан юм. Гэвч туршлага бас мэдлэгтэй, багаар ажиллаж сурсан манай хамт олон өдөр тутмын чөлөөт сонин үүсгэн байгуулахаар шийдэн 1999 оны нэгдүгээр сарын 4-нд "Ардын үндэсний эрх" сонины анхны дугаарыг хэвлүүлсэн. Гэвч эрх баригчдад энэ нь таалагдаагүй учир тэр дороо хаагдаж нэрээ дахин дахин солих шаардлага гарсан юм. "Ардын үндэсний эрх" гуравхан, мөн оны нэгдүгээр сарын 6-нд анхны дугаар нь гарсан "Үндэсний эрх" сонин маань 35, мөн оны хоёрдугаар сарын 15-нд үүссэн "Өдрийн толь" сонин 15-хан дугаар гараад арга буюу зогсоход хүрч байлаа.

Харин эдгээр сонины маань үргэлжлэл дахин нэрээ өөрчилж 1999 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар нь хэвлэгдсэн "Өдрийн сонин" одоо хорь дахь жилтэйгээ золгох гэж байгаа бөгөөд 5000 шахам дугаар гаргаад байна. Энэ нэрээ бид 1999 оны гуравдугаар сарын 6-нд сонгосон бөгөөд маргааш нь буюу 1999 оны гуравдугаар сарын 7-нд Төрийн ордны их танхимд болсон Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 70 насны ойд зориулсан уран бүтээлийн тоглолтыг ивээн тэтгэж "Өдрийн сонин" гэж анх удаа бичиж байсан нь тэнд цугларагсдын анхаарлыг татаж байсан юм.

Тэр үед төвийн томоохон тогтмол хэвлэлүүд долоо хоногт 4-5 дугаар л гардаг байсан бол Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн санаачилагаар даваа гаригийн дугаар нэмж хэвлүүлж эхэлсэн нь Монголын хэвлэлийн түүхэнд томоохон алхам болсон билээ. Шинэ сонины энэ гараа нь эхнээсээ уншигч олны талархлыг хүлээж, ганцхан жилийн дотор тоогоороо тогтмол хэвлэлүүдээс түрүүлж "2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015 оны Шилдэг сонин", 2016 оны Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 онд "Хүний эрхийг хөгжүлэн дэмжигч сонин"-оор шалгарч байв.

Тус сонинд төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо, Баабар, сэтгүүлч Ж.Гангаа, Б.Золбаяр, Б.Ганчимэг, Н.Саранчимэг, Ж.Сандагдорж, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай, П.Хашчулуун, Н.Гантулга, Шаабар буюу Батбаяр, Б.Тэмүүлэн, С.Гантогоо, С.Энхтуул, Г.Дашрэнцэн, Л.Мөнхбаясгалан, Б.Цогзаяабаатар, Г.Жамьян, судлаач Д.Ганхуяг, Ш.Пүрэвсүрэн нарын олны агхаарлыг татсан нийтлэлүүд хэвлэгдэж өнөөдрийг хүртэл араасаа олон арван авьяаслаг сэтгүүлчдийг төрүүлсээр байна. Тэдний дундаас эдүгээ Э.Хүрэлбаатар, Б.Долзодмаа, Б.Хажидмаа, Г.Эрдэнэбат, Л.Батцэнгэл, Ю.Дэлгэрмаа, С.Алтанцэцэг, Э.Энхболд, М.Мөнхцэцэг, Д.Гансаруул нарыг уншигчид хэдийнэ таних болжээ. "Өдрийн сонин" Монголын анхны чөлөөт хэвлэлийн нэг бөгөөд түүнийг жинхэн утгаар нь (Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хүрээнд) хэрэгжүүлхийн төлөө тэмцэж явна.

"Өдрийн сонин" өдөр тутмын сонины үүргээ хэрхэн биелүүлж ирснийг нотлох ганц баримт энд дурдъя. 2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд АНУ руу халдан довтолсон тухай мэдээ билээ. АНУ-ын Вашингтон, Нью-Йорк хот Улаанбаатараас 10-14 цагийн зөрүүтэй. Шөнө дундын үед сониноо дөнгөж хэвлүүлэд гэртээ хариад байсан манайхны ихэнх нь тэр дороо редакци дээрээ дахин цугларч тэрхүү аймшигт хэрэг явдалыг мэдээлэхийн тулд урьд хэвлүүлсэн сониноо шуудангийн салбаруудаас агуулахдаа буцаан татаж сониныхоо нэгдүгээр нүүрт уг үйл явдлыг бүрэн хэмжээгээр тусган дахин тэр шөнөдөө өөрчлөн хэвлэж өглөө нь уншигчидадаа Монголын бусад хэвлэл мэдээлэлийн хэрэгслээс хамгийн түрүүнд бодит мэдээллийг хүргэсэн юм.

Хэдийгээр тэр өдөр "Өдрийн сонин" хоёр удаа дугаар хийн хэвлүүлж, ихээхэн зардал чирэгдэл гаргасан боловч Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дэлхийг донсолгосон тэрхүү үйл явдлаас хоцроогүй, ард түмэндээ хамгийн түрүүнд уг мэдээллийг хүргэж чадсандаа нэн баяртай байж билээ. Энэ мэт тив дэлхийн төдийгүй улс оронд болж байсан олон олон эгзэгтэй үйл явдлыг цаг тухайд нь халуун цэгээс нь газар дээрээс нь сурвалжилж уншигчдадаа хүргэсэн нөр их хөдөлмөрийг тоочоод баршгүй. Тийм ч учраас өдөр тутмын сайн сонин гаргаж дадсан энэ хамт олны цоо шинэ сургалт, өөрийн гэсэн школоор нь өнөөгийн шинэ үеийн олон арван сэтгүүлч, залуу үе суралцан замнаж байна.

“Өдрийн сонин” нь улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаас ямагт ангид бие даасан бодлого барьж олон түмнийхээ дуу хоолой болж явдгаараа бусад хэвлэлээс ялгарч байдаг. Тус сонины гол гол булангийн заримаас дурдвал "Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь", "Танайд өнжье", "Удам судар", "Хууль төрөхийн өмнө", "Сав шимийн ертөнц", "Эх орон сумаас эхэлнэ", "Монгол хэмээх нэгэн нэр", "Ярилцъя", "Шинэ цагийн монгол", "Өөрөөс нь ...", "Урлан", "Нэг ангийнхан", "Орчлонгийн сайхан ээжүүд", "Соёл урлаг", "Бага тайз", "Сураг алдарсан хүн", "Хаа явна", "Төөрөлдсөн хувь тавилан", "Эсрэг тэсрэг байр суурь", "Шинжлэх ухаан-Танин мэдэхүй", "Эмч", "Багш", "Элчин сайдууд ярьж байна" зэргийг нэрлэж болно. "Өдрийн сонин" өдгөө 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй редакци, компьютер, реклам зар сурталчилгаа, санхүү аж ахуй, үйлдвэр зэрэг алба хэлтэс нэгжид хуваагдан ажиллаж байна.

Бид уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангах, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа эх орондоо болж байгаа мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх үүднээс сонингоо цахим хэлбэрээр гаргаж байгаа. Өдгөө манай цахим сонины захиалга 40,000 хувь хүрлээ. Бид уншигчдадаа мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, үнэн бодитойгоор хүргэхийн төлөө ажилладаг. Мөн дотоодод төдийгүй дэлхий дахинд болж байгаа үйл явдалд мэргэжлийн хүмүүсээр тойм анализ хийлгэн уншигчдадаа хүргэдэг юм. "Өдрийн сонин" цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдээллээ бэлтгэдэг. Үйл явдал хаана өрнөнө, яг тэр халуун цэгт манай сэтгүүлчид ажиллаж байдаг. Тухайлбал, Сэлэнгийн хөвч балар тайгаас, Алтайн цаадахь говиос, Баян-Өлгийн казакуудын амьдралаас, Хэнтийн буриадуудаас, Дорнын уудам талаас, дархан хилийн зааг болсон алтан сүлдэт баганан дээрээс сурвалжага бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. "Өдрийн сонин"-ы дэргэдээ www.dnn.mn сайт ажиллуулж, мэдээллийг цаг минут тутамд мэдээлж, Үйл явдлын тойм тайлбар хүргэж байгаа бөгөөд www.dnn.mn сайтад хандах хандлага эрс нэмэгдэж, мэдээллийн тэргүүлэх сайтын эгнээнд багтаад байна.

"Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн), нэгдүгээр орлогч эрхлэгч (Төрийн шагналт Б.Цэнддоо), орлогч эрхлэгч (Ж.Сандагдорж), Тамгын газрын дарга (Т.Дашням), Хариуцлагатай нарийн бичгийн дарга (Д.Оюунтуяа), Улс төр, гадаад мэдээллийн алба (дарга Д.Мөнгөндалай), Эрэн сурвалжлах тоймчдын алба ( дарга П.Хашчулуун), Эдийн засаг, нийгэм, соёл мэдээллийн алба (дарга Н.Гантулга), Гэрэл зургийн алба (дарга Д.Баатархүү), Компьютер дизайны алба (дарга Я.Баярбаатар), Зар сурталчилгааны алба (дарга Б.Энхболд), Хэвлэх үйлдвэр (дарга Д.Бат-Эрдэнэ), www. dnn.mn (эрхлэгч М.Баянбулаг), санхүү аж ахуйн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж, улиралд 64-66 дугаарыг хэвлэн нийслэл болон бүх аймаг, сум багт мөн цахим хувилбараар таван тивийн улс орнуудад мэдээллээ буухиалан хүргэж байна.

Дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд маань интернэт цахим хэлбэрээр цаг тухайд нь хүлээн авч унших бүх нөхцөл бололцоог бид бүрдүүлээд байгаа юм. Манай хамт олны нөр их бүтээлч, халуун дулаан, эвсэг үйл ажиллагаагаа удирдлагын алсыг харсан зөв бодлогын үр дүнд аж ахуй санхүүгийн хувьд болон ажиллах орчин нөхцөл бололцоо улам бэхжин сайжирсаар байна.